Хорхог айраг хоёрын хажуугаар ходоодоо хайрлахаа бүү мартаарай

2026-07-08

Баяр наадмын өдрүүдэд хоол боловсруулах эрхтэн тогтолцооны цочмог хямрал, хоолны хордлогын талаар дуудлага мэдээлэл эрс нэмэгддэг нь хүнсний буруу зохицол болон хэрэглээний хэтрэлттэй шууд холбоотой байдаг. Аялал зугаалга, баяр наадмын гол хүнс болох хорхог, хуушуур зэрэг өөх тос ихтэй хүнсийг айраг болон согтууруулах ундаатай хавсран хэрэглэх нь хоол боловсруулах замын микрофлорыг богино хугацаанд дисбактериозод (ашигтай бактерийн дутагдал) хүргэх үндсэн шалтгаан болдог байна.

Хүний нарийн, бүдүүн гэдсэнд орших ашигтай бактериуд (микробиом) нь хоол боловсруулах, дархлааг дэмжих, эмгэг төрүүлэгчдийг дарангуйлах үндсэн үүрэгтэй. Тэгвэл баярын өдрүүдэд дараах хүчин зүйлсийн улмаас гэдэсний орчин огцом өөрчлөгддөг.

  • Липидийн илүүдэл ба цөсний ачаалал: Өөх тос өндөртэй хүнсийг их хэмжээгээр хэрэглэхэд цөс болон нойр булчирхайн шүүрэл туйлдаж, дутуу боловсорсон хоол хүнс гэдсэнд исэлт, ялзралын процессыг өдөөдөг.
  • Согтууруулах ундааны нөлөө: Согтууруулах ундаа нь гэдэсний салст бүрхэвчийг цочроож, тэнд орших эмзэг ашигтай бактерийн омог (штамм)-уудыг устгах сөрөг нөлөөтэй.
  • Үл зохицох исэлт: Амьд бактерийн агууламжтай айргийг өөх тос, спирттэй хамт хэрэглэх нь гэдэсний рН орчныг алдагдуулж, хий үүсэлт, дүүрэнгэ, суулгалтын цочмог шинж тэмдгүүдийг үүсгэдэг.

Үүний улмаас үүсэх гэдэсний дисбактериоз нь зөвхөн баярын өдрүүдэд зовуурь үүсгээд зогсохгүй, дараа нь хоол боловсруулах замын архаг эмгэг суурьших нөхцөлийг бүрдүүлдэг байна.

Хямралаас сэргийлэх ухаалаг алхмууд

Баяр наадмын өдрүүдээр ходоод гэдэсний хямралаас сэргийлэхийн тулд хүнд, тослог хоол идэхээс өмнө хангалттай ус ууж, хоолны дундуур болон дараа нь шууд хүйтэн шингэн уухаас татгалзах хэрэгтэй. Мөн айраг болон согтууруулах ундааг хамт хэрэглэхгүйгээр хоорондоо хамгийн багадаа 2-3 цагийн зай барих нь гэдэсний орчныг огцом хямрахаас хамгаална. Хамгийн гол нь, баяр наадам эхлэхээс хэд хоногийн өмнөөс эмнэлзүйн үр дүн нь батлагдсан өндөр чанартай пробиотикийг нэмэлтээр хэрэглэж, гэдэсний микрофлороо урьдчилан дэмжих нь хоол боловсруулах замыг ирэх ачаалалд бэлтгэх хамгийн найдвартай арга юм.

Эмнэлзүйн тэмдэглэл: Хэрэв баярын өдрүүдэд согтууруулах ундаа хэрэглэсэн бол пробиотик нэмэлтийг хамгийн багадаа 2 цагийн дараа уух нь ашигтай бактериудын амьдрах чадвар болон биохүртээмжийг хамгаалдаг байна.


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах