Third-hand smoke буюу гуравдагч дам тамхидалт

2024-10-09

Гуравдагч дам тамхидалт гэдэг бол тамхинд агуулагдах үлдэгдэл никотин болон бусад химийн бодисууд (250 орчим химийн нэгдлүүд) орчны гадаргуу дээр үлдэхийг хэлэх бөгөөд хүмүүс эдгээр гадаргууд хүрэх буюу гадаргуунаас ялгарах хийгээр амьсгалснаар гуравдагч дам тамхидалтанд өртөнө. Энэ үлдэгдэл бодисууд нь дээрх гадаргуу дээрх бусад бохирдуулагчидтай урвалд орж улмаар хорт хавдар үүсгэх нэгдэл бий болсноор тамхи татдаггүй хүмүүс, ялангуяа хүүхдийн эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй.

Хоёрдогч дам тамхидалтаас юугаараа ялгаатай вэ?

Уг хортой нэгдэлүүд нь эргэн тойронд байх агаарын бохирдол, тэр дундаа азотын хүчил ба озонтой нэгдэн илүү хортой бодис үүсгэдэг байна. Жишээлбэл, никотин нь nitrous acid буюу NHO2-той нэгдснээр NNK ба NNN буюу тамхины шалтгаанд хавдар үүсгэгч нитрозаминыг бий болгоно. Гуравдагч дам тамхидалтын бодис нь удах тусам илүү хортой болдог байна.

Гуравдагч дам тамхидалтанд юунаас өртөж болох вэ?

Тамхи татаж буй хүн болон түүний эргэн тойронд байх юунд ч хамаагүй эдгээр бодисууд нэвчиж болно. Үүнд: тамхи татдаг хүний үс, арьс, хувцас, машин, тамхи татдаг өрөөний хивс, хана, хатуу болон зөөлөн гадаргуу бүхий бүх төрлийн тавилга зэрэг хамаарна

Хөхүүл болон бага насны хүүхдүүд эргэн тойрны эд зүйлсийг гартаа барих, амандаа үмхэх, шалан дээр мөлхөх, машинд суух эсвэл том хүмүүст тэврүүлэх зэргээр гуравдагч дам тамхилтанд илүүтэй өртдөг байна.

Судалгаанаас үзэхэд тамхи татдаг гэрт амьдардаг хөхүүл насны хүүхдийн никотинд өртсөнийг баталдаг биомаркер болох шээсний котины хэмжээ тамхи гэртээ татдаггүй, гадаа татдаг гэрт амьдардаг хүүхдүүдийнхээс илт их байсан байна. Мөн түүнчлэн тамхи татдаг хүмүүсийн хүүхдийн гарнаас никотин тодорхойлогдож байжээ.

Хэрхэн гуравдагч дам тамхидалтаас урьдчилан сэргийлэх вэ?

  • Гэр болон машиндаа тамхи татахгүй байх
  • Өөрийнхөө болон хүүхэд, тэжээвэр амьтдынхаа дэргэд хэнийг ч тамхи татуулахгүй байх
  • Тамхи татдаг хүний хувцас болон үс, гар, нүүрийг байнга угаалгах
  • Гэртээ тамхи татдаг бол гэрийнхээ тавилга, тэр тусмаа хивс хивсэнцэр, цагаан хэрэглэл, хатуу гадаргуу бүхий тавилгуудыг тогтмол зориулалтын цэвэрлэгчээр цэвэрлэх (Тун удахгүй бид өндөр үр дүнтэй гэр ахуйн цэвэрлэгээ, ариутгалын бодисуудыг Европоос оруулж ирнэ)
  • Хүүхдийн тоглоомыг тогтмол угаах
  • Тамхи татаж буй өрөөг агааржуулж цонхыг нээх нь гуравдагч дам тамхидалтаас бүрэн сэргийлэхгүйг анхаарна уу. Учир нь химийн металууд гадаргуу дээр тунаж үлдэх болно.
  • Хоёрдогч ба гуравдагч дам тамхидалтаас 100% урьдчилан сэргийлэх найдвартай арга бол тамхинаас татгалзах явдал юм.

Эх сурвалж: Зинт клиник Хүүхдийн эмч : Анударь


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах