Жирэмслэлтээс сэргийлэх, гэр бүл төлөвлөлтийн арга, хэрэгслийг таниулах өдөр

2024-10-09

Өсвөр насны жирэмслэлт ба жирэмслэлтээс сэргийлэх аргуудын талаарх мэдээллүүд:

  • Хамгийн анхны жирэмслэлтээс сэргийлэх аргуудын талаар бичвэр Египет улсад манай эриний өмнөх 1550 онд бичигдэж үлджээ.
  • Жирэмслэлтээс сэргийлэх 16 төрлийн арга байдаг. Эдгээр нь бэлгийн харьцаанд орохоос татгалзах, бэлгэвч, жирэмслэлтээс сэргийлэх хавсарсан найрлагатай дааврын эм, суулгац зэрэг юм.
  • Тухайн хүнд тохирсон жирэмслэлтээс сэргийлэх аргыг сонгохдоо дараах зүйлсийг харгалзана- найдвартай байдал, хэрэглэхэд тохиромжтой энгийн эсэх, гаж нөлөө, эрүүл мэндийн эрсдэл.
  • АНУ-д 1 жилд 15-аас 19 насны 1 сая орчим охид жирэмсэлдэг ба эдгээр нь ихэвчлэн төлөвлөөгүй, хүсээгүй жирэмслэлт байдаг.
  • Судалгаа мэдээллээс харахад 15 нас хүрэхэд өсвөр насныхны 15%, 18 хүрэхэд охидын 56%, хөвгүүдийн 73% нь бэлгийн харьцаанд орсон байдаг.
  • Бэлгийн харьцаанд эрт орох эрсдэлт хүчин зүйлс нь: нийгэм, эдийн засгийн таагүй байдал, гэр бүлийн тогтворгүй амьдрал, эрсдэлт зан үйлд (архи, тамхи) автах, үе тэнгийнхний нөлөө, дарамт, зарим тохиолдолд бэлгийн бойжилт хэт эрт эхлэх.
  • Дэлхий дахинд 15-19 насны өсвөр насны охидын төрөлт 1000 охид тутам 43, манай улсад 30 байна. Энэ нь энэ насны 100 охин тутмын 3 нь өсвөр насандаа хүүхэдтэй болдог гэсэн үг юм.
  • Гэр бүл төлөвлөлт гэдэг нь хэзээ хүүхэдтэй болохоо төлөвлөн, энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд авах жирэмслэлтээс сэргийлэх эсвэл жирэмслэх арга, техник юм.
  • Гэр бүл төлөвлөлтийн аргууд нь дэлхий даяар эрүүл мэнд, эдийн засгийн хөгжлийн дэмжин, эмэгтэйчүүдийн эрүүл, эсэн мэнд амьдрах, санхүүгийн бие даасан байдлыг хангах чухал үүрэгтэй. Африкийн 53%, Азийн 21%, Латин Америкийн орны эмэгтэйчүүдийн 22% нь шаардлагатай, хэрэгцээнд нийцсэн жирэмслэлтээс сэргийлэх арга хэмжээг авч чаддаггүй байна.
  • Өсвөр насныхан нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар насанд тохирсон, үнэн зөв мэдлэг мэдээлэлтэй байх нь олон талын эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой.

Та хүүхдээ бэлгийн бойжилт эхлэх, анхны сарын тэмдэг ирэхээс эхлүүлэн өсвөр үеийн эмч, эмнэлэгт үзүүлэх, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдах, үнэн зөв мэдээлэл авах эх сурвалжийг таниулж, аль болох нээлттэй, зөв харилцаж хэвшээрэй.


Бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах